2017 оны 10-р сарын 30-ны өдөр 5-р хорооны Хөгжлийн зөвлөл Нисэх хотхоныг “Шилдэг тохижилттой ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох” хөтөлбөрийн хаалтаа хийж, иргэдэд ажлаа тайлагналаа. Хаалтын үйл ажиллагаанд 5-р хорооны Хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээ, Засаг дарга Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхтөгс, ЗДТГ-ын Тохижилт нийтийн үйлчилгээний дарга П.Нарантуяа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталж, 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох хөтөлбөр” боловсруулан өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрсдийн хүчээр тоглоомын талбай, онгоцны хөшөөний орчны тохижилт, байрны орц, гадна тохижилт, ногоон байгууламж, усан оргилуур, 22 метр урттай хар зам, хүнсний дэлгүүрийн гаднах тохижилт, хороо болон иргэний танхимын тохижилт, Нисэх хотхонруу орох үүдний хэсгийн явган хүний зам, самбар зэргийг засварлан тохижуулж, хорооны хөгжил бүтээн байгуулалтад дуу нэгтэйгээр өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.
Хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээ тус хөтөлбөрийг дүгнэн ярихдаа “Бид шилдэг тохижилттой ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд нийт 44 аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 сая гаруй төгрөгийн бүтээн байгуулалтыг хороондоо бий болгоод байна. Хөтөлбөр хэрэгжих үед Мон элс ХХК, Монгол алт ХХК, Бүти ХХК, Сэрүүн сэлбэ ХХК, Мерсу ХХК, Шүрэн од ХХК, Ай эф Соонс ХХК, Рэзү ХХК, Ачитын долгион ХХК, Ариун цагаан ХХК, иргэн Б.Бат-Эрдэнэ, Д. Үүрцайх, Цэнгэг СӨХ, Хөх хадны булаг ХХК, 350-р цэргийн анги, МАН-ын үүр, 337-р цэргийн анги, 74-р байр, бусдыгаа манлайлан оролцсон бол Городок Хаан банкны салбар, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Төрийн банк, Цахилгаан түгээх сүлжээ, 153-р цэцэрлэг нийгмийн хариуцлагаа үл ухамсарлаж, төр иргэний хамтын ажиллагаанд гар бие оролцоогүй. Цаашид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээний мөнгийг хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгох, аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Засаг даргатай байгуулдаг үр дүнгийн гэрээг хороотой хамтарч ажилласан үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэдэг болох, мөн аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгахдаа хорооны хөгжилд оруулсан хувь нэмрийг харгалзан үздэг болж, хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж өгөхийг хүсэж байна. ” гэсэн юм.
“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцоход оршино. Л.Цэцгээ даргатай 5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олны ирэх жилийн ажилд нь амжилт хүсье.