Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд 10-р сарын 11-ний өдөр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, Б.Сампилноров, Д.Алтандөш, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн нар Налайх үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг сонслоо.
НБМҮТП нь Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 148 тоот тогтоолоор байгуулагдаж, 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын болон Улаанбаатар хотын бүсийн хэмжээнд баригдаж байгаа орон сууц, нийгмийн зориулалттай барилга байгууламжууд, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилгын төсөвт өртгийг хямдруулах, инженерийн шугам сүлжээг барьж байгуулахад шаардлагатай импортыг орлохуйц дэвшилтэд технологийг барилын материалын салбарт нэвтрүүлэх, цаашилбал МУ-ын барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн жишигт ойртуулах зорилгоор ажиллаж байна.
Тус парк нь үйлдвэрүүдийн төслийг эхний байдлаар шалгаруулаад эхний 6 үйлдвэрийн шавыг тавьсан бөгөөд ирэх жилийн 1-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд хүний нөөц, боловсон хүчний 80 хувь нь Налайх дүүргийн иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Ингэснээр Налайх дүүрэгт ажлын байрыг шинээр бий болгох аж. Төлөвлөгөөгөөр зөвхөн Үйлдвэр технологийн парк 1500 хүний ажлын байр бий болгох, бусад төслүүдтэй уялдан хөгжсөнөөр 10,000 гаруй ажлын байр бий болох юм байна. Парк эрхлэх тусгай зөвшөөрлөө 2017 онд хүлээн авч, өнөөдрийн байдлаар 15 үйлдвэрүүдийг сонгон шалгаруулалтад оруулсан.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сампилноров хэлсэн үгэндээ “Үйлдвэр технологийн паркийн тогтвортой үйл ажиллагаа, цаашид гарч болзошгүй эрсдлийг цаг үетэй нь уялдуулан хийж, амжилттай ажиллахыг онцлоод үйлдвэрүүд ашиглалтанд орох үед хүний нөөц боловсон хүчнээ дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран эртнээс бэлдэх хэрэгтэй гэсэн юм. ”