2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгч К.Сейтхан, Төлөөлөгч О.Энхтайван, Ц.Эрбол,
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул
нар дүүргийн Улаан загалмайн хороо, Хаан банкны “Налайх” тооцооны төв,
Хангамж үйлчилгээний төв гэсэн байгууллагуудын үйл ажиллагаатай
танилцаж, цаашид дэмжлэг үзүүлэх болон хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.
Дүүргийн Улаан Загалмайн Хороо нь улсын төсвөөс санхүүждэггүй учраас
санхүүжилттэй холбоотой хүндрэл бэрхшээл тулгардаг хэдий ч үйл
ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулж, 2017 онд Нийгмийн халамж
үйлчилгээний хөтөлбөр, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Эрүүл мэндийг
дэмжих хөтөлбөр, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн чиглэлийн
хүрээнд 40 гаруй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, төр, улаан
загалмайн хамтын ажиллагааны зөвлөл байгуулан дүүргийн харьяа
байгууллагуудтай илүү уялдаа холбоотой ажиллаж буйгаа танилцууллаа.
Уг уулзалтын үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч К.Сейтхан хэлэхдээ “Төлөөлөгчдийг Улаан загалмайн хорооны “Онцгой гишүүн”-ээр элсэхэд татгалзах зүйлгүй, цаашид төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болно” гэсэн юм.
Хаан банк нь иргэдэд банкны үйлчилгээг хурдан, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Экспресс банк нь эко төхөөрөмж бөгөөд энгийн АТМ (бэлэн мөнгөний машин)-аас 50 хувь бага цахилгаан зарцуулдаг гэдгийг онцоллоо. Уг бэлэн мөнгөний машинаар орлого, зарлагын гүйлгээ хийхийн хажуугаар хэрэглэгчдийн хамгийн их гүйлгээ хийдэг 30 байгууллагын төлбөр тооцоо хийх заавар, зөвлөгөөг байршуулж, улмаар баримт хэвлэн авах боломжтой болжээ. Хаан банк системийн хэмжээний гол ачааллыг үүрдэг учраас иргэд, харилцагчиддаа хэрхэн хурдан шуурхай үйлчлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан хичээн ажиллаж, Qpay, Khanpay, Зээлжих эрх зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна тэтгэврээ авдаг 5000-д өндөр настнуудаа зориулан тэтгэврийн карт нэвтрүүлж байгаа тухайгаа танилцууллаа. Хаан банкны Налайх тооцооны төв нь 2002 оноос дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Дүүргийн Хангамж үйлчилгээний төв нь Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 467 тоот захирамжаар байгуулагдан Дүүрэгт байрлах төсөвт байгууллагуудыг эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. 2017 онд дүүргийн харьяа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, үдийн цай хөтөлбөрт үйлдвэрээс шууд нийлүүлэлт хийх, Албан бус насан туршийн боловсролын төвийг “Үдийн цай хөтөлбөр”-т хамруулсан зэрэг олон шинэлэг ажил, үйлчилгээг нэвтрүүлсэн ажиллаж байна. Уулзалтын төгсгөлд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар төлөөлөгчид санал солилцлоо.