“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан 1-р хорооноос сонгогдсон төлөөлөгчид П.Сашка даргатай хорооны ажлын албатай хамтран 200 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Налайх дүүргийн 1-р хорооны 200 гаруй ахмадуудыг Их ам “Найман шарга” амралтын газар хүлээн авч, ахмадуудын дунд шагайн наадгай, даам, хэн сайн дуулах вэ зэрэг тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон ахмадуудаа шагнаж урамшуулсан юм.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй ахмадууддаа хандан “Налайх дүүргийн 1-р хорооны ахмад буурлууд та бүхэндээ ахмадын эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе. 1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарласнаас хойш тэмдэглэн ирсэн. Төр, захиргааны байгууллагын зүгээс ахмад настны нийгмийн асуудал, ахмадуудад зориулсан үйлчилгээ, ахмад настнаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Ахмад буурлуудаа, та бүхэн үргэлж баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйл, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!