Дүүргийн Соёлын ордонд өнөөдөр дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар “Багш нарын баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хүндэтгэлийн арга хэмжээг нээж “Багшийн хөгжлийг дэмжих бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм гэдгийг онцлоод, хөтөлбөрөө дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйд гардуулан өглөө. Мөн Азийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 109-р сургуулийг өргөтгөх, Жайка олон улсын байгууллагын тусламжаар Эрдмийн-Оргил сургуулийг өргөтгөхөөр болсон бөгөөд 4,6-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг барих, Өвөршандад баригдаж буй цэцэрлэг, сургуулийг ашиглалтанд оруулах, GTIM сургуулийн лицей сургууль тус тус байгуулахаар болсон гэдгийг танилцууллаа.”
Энэ үеэр дүүргийн ИТХ-н дарга Б.Нэргүй "Багш нарт дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлс, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох, сурлагын түвшинг ахиулах талаар шинэ шинэ амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ."
Баярын арга хэмжээний үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг тэргүүний багш нарыг төрийн дээд болон салбарын шагналаар шагнаж урамшуулав.
Багшийн суу алдар, заяа буян, эрдэм мэдлэг дэлгэрч байх болтугай.