Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн, Д.Мөнхбаяр, С.Тунгалаг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул нар Налайх дүүргийн Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус хэлтэс нь анх 1958 онд их уурхайн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүтцэд тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг хариуцах ажилтны орон тоо батлагдсанаар үүссэн түүхтэй бөгөөд одоо шинээр ашиглалтанд орсон тохилог байранд, 24 ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны 08-р сарын байдлаар 400 ажил олгогчийн 7927 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авч, сайн дурын даатгалд 1531 иргэн хамруулсан байна. Дүүргийн хэмжээнд 5374 тэтгэвэр авагч байдаг байна.
Уулзалтын үеэр Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Хэлтсийн дарга Н.Өнөржаргал төлөөлөгчдөд хандан хэлэхдээ “Шинэ байр ашиглалтанд орсноор бид иргэдэд цэвэр, тохилог орчинд үйлчилж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байрнаас Налайх төв замруу холбогдох зам тавьж өгөх асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна” гэсэн юм.