Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн, Д.Мөнхбаяр нар Налайх дүүргийн Жижиг Дунд Үйлдвэр Эрхлэгчдийг Дэмжих Төвийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг сонслоо.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төв нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 10 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид бизнес, аж ахуйн ур чадвар эрхлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, төрийн үйлчилээг хэрэглэгчдэд ойртуулах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
Уулзалтын үеэр ЖДҮЭДТ-ийн дарга Б.Батжаргал төлөөлөгчдөд хандан тулгамдаж буй асуудлаа хөндөн “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан мөнгөн сантай болж, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн бүтээгдэхүүнийг хилийн чанадад борлуулах, ажилтан, албан хаагчдаа чадваржуулах сургалтанд хамруулах, ажилчдын тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хичээл үйлдвэрлэлийн дадлага явуулах, судалгаа шинжилгээ хийх зэрэг зардал мөнгийг төсөвт суулган өгч, бидний ажлыг дэмжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.