Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүрэгт Малчдын зөвлөгөөн боллоо

2017-09-26

Налайх дүүргийн төр, захиргааны байгууллагууд хамтран өнөөдөр дүүргийн Соёлын ордонд төрөөс мал аж ахуйн чиглэлээр баримтлах бодлого шийдвэрийг сурталчлан танилцуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Өнөржаргал, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга А.Анхбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Зөвлөгөөнийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй “Монгол түмний буянт мал сүргийнхээ ашиг шимийг нь арвижуулан сайжруулж, тодорхой чиглэлтэйгээр өсгөн үржүүлж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг ханган улс орон, нийслэл, дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа малчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар аян”, “Мал эрүүлжүүлэх”, “Малын чанар сайжруулах хөтөлбөр”, “Үйлдвэржилт 21:100″ зэрэг мал аж ахуйн талаар баримтлах бодлого хөтөлбөртэй уялдуулан дүүрэгтээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мал сүргийнхээ ашиг шимийг нь улам ихээр нэмэгдүүлэн, энэ их үйлсдээ төр, хувийн хэвшил, малчдын оролцоог ханган ажиллаж, мал аж ахуйн салбарын хөгжлийг орчин цагийн дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажиллах боломж бидэнд байна. Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж мал аж ахуй эрхлэх арга барил, малын удмын сангийн талаарх ойлголтууд хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, эрүүл мэндийн ажлыг оновчтой удирдан чиглүүлэх ажлыг хамтдаа бүтээцгээе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ үеэр дээд шатны байгууллага, орон нутгийн Засаг захиргааны байгууллагаас хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил, 2018 онд ОНХСС-өөр хийгдэх ажил, залуу сайн малчны туршлага, Жайка төрийн бус байгууллагын мэдээлэл, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, сайн малчдыг Нийслэлийн ХАА-ын яамны шагнал, дүүргийн ИТХ-ын даргын жуух бичиг, баярын бичиг, Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

Зөвлөгөөнөөр малчдын санал хүсэлт, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсоход малын бэлчээр, газар, өвс тэжээлийн бэлтгэл, цагаан идээ, сүү сүүн бүтэгээдэхүүнээ хэрхэн борлуулах зэрэг асуудлыг хөндөн ярьж байлаа.

Үүний дараа Соёлын ордноос бэлтгэсэн урлагийн тоглолтоор малчдын мэлмийг мялааж, босоо хүлээн авалтаар зөвлөгөөнийг хаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%