2017 оны 09-р сарын 25-ны өдөр Налайх дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Шаньдун мужийн нийслэл Жинань хотын ардын их хурлын байнгын хорооны дарга Ин Лү Чиэн, намын хорооны нарийн бичгийн дарга Чин Жүн Вэн, гадаад харилцааны дэд дарга Жан Ши Пин, бизнес худалдааны хэлтсийн дарга Сүн И Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид Налайх дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ИТХ-ын тэргүүлэгч Д.Алтандөш, Налайх дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Налайх дүүрэг дэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн н.Цэнгэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Шаньдун муж нь зүүн тийшээ Япон, Солонгосын хойг, баруун хойшоо Хубэй муж, өмнө зүгт Хэнан мужтай хил залгаа, Бохай тэнгис, Шар тэнгисээр хүрээлэгдэн Хятадын зүүн хэсэгт байрладаг. Жинань хот бол Шаньдун мужийн нийслэл бөгөөд 7 сая гаруй хүн амтай, улс төр, соёл, боловсрол, эдийн засаг, тээвэр, технологийн төв хот. Жинан хотыг “Эдийн засаг”, “Булгийн хот” гэж нэрлэх нь бий. Энэ хотын нийт газар нутгийн тал нь уул, тал нь булаг байдаг. Ямартай ч хотын хэмжээнд 72 байгалийн булаг байдаг.
Уулзалтаар Монгол Хятад хоёр орны хөршийн найрсаг харилцаа ялангуяа Налайх дүүрэг болон Жинань хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. Цаашид хоёр тал эдийн засаг, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм байна.
Үүний дараа төлөөлөгчид Горхи тэрэлжийн үзэсгэлэнт байгалийн цогцолбор Тэрэлж явж, малчин айлын амьдрал ахуйтай танилцлаа.