Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн нар Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг сонсож, заавар зөвлөгөө өглөө.
Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хороо нь анх Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1960 оны 03-р сарын 10-ны өдрийн 13-р тогтоолоор хөдөлмөр нийгэмлэгийн харьяа “Налайх хотын биеийн тамирын зөвлөл” нэртэйгээр анх байгуулагдсан 57 жилийн түүхт байгууллага юм.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Мөнхбаяр төлөөлөгчдөд хандан тэдэнд тулгамдаж буй асуудлаа ярилаа.
-Заалны хүртээмж муу, стандартад нийцсэн спорт заал байхгүй, Уул уурхайн авран ангийн заалыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад сургуулийн заалтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах шаардлагатай байдаг.
-Үйлчлэгчийн орон тоог бий болгох асуудалд анхаарал хандуулах.
-Мөн Биеийн тамир, спортын хуулийн 18-р зүйлд заасны дагуу:
18.8.Өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй төрлөөр аймаг, дүүрэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
18.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь өсвөр үеийн шигшээ багийн хичээл, сургуулийг спортын хэрэглэл, материалаар иж бүрэн хангах, шигшээ багийн багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, тамирчин сурагчдыг спортын хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэж, цалинжуулна.
18.10.Өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга, оюутны шигшээ багийг бүрдүүлэн ажиллуулах журмыг нийслэлийн Засаг дарга тус тус батална.
-Биеийн тамир, спортын хуулийн 20-р зүйлд заасан:
20.1.Биеийн тамир, спортын арга хэмжээг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэн өгөхийг хүсч байна.
-Мөн дэлхий, ази, улс, нийслэлийн аварга болсон тамирчдад ямар нэгэн урамшууллыг дүүргээс олгодоггүй. Энэ асуудлыг журамлан, тамирчдаа урамшуулдаг тогтолцоог бий болгож өгөх.
-Налайх дүүргийн тамирчин хүүхдүүдийг их дээд сургуульд орох, сургалтын төлбөрийн асуудлыг бодлогоор дэмжиж, жилд тодорхойн хэдэн хүүхдийн асуудлыг шийдэх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ “2018 оны төсвийн төсөлд нэмэлтээр тооцоо судалгаагаа цогцоор гаргаж, өөрсдийн саналаа дүүргийн ЗДТГ-т өгөх, мөн цаашид бусад сургуулийн заалны үйл ажиллагааны хуваарийг албан ёсоор авч, иргэдийг спортоор хичээллэх орчинг бүрдүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.”