Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Өнөөдөр Налайх дүүрэгт бүртгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан хүмүүсийн гэр бүл буюу эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхдүүд болох 44 иргэнийг дүүргийн ИТХ-ын ажлын алба хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ИТХ-ын төлөөлөгч О.Энхтайван, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Булбул болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хэлмэгдсэн иргэд болон түүний үр, хүүхэд, ар гэрийхэн өнөөдөр “Сайн номуун” хийдэд хүндэтгэлийн зул өргөж, буяны ном хурлаа. Мөн дүүргийн Эрүүл Мэндийн Төвд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрууллаа. Энэ үеэр дүүргийн Улаан Загалмайн Хорооноос өөрийн биеэр хэлмэгдсэн П.Санжид тусламж үзүүллээ.
1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18 мянга 36 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор төрөөс олгоод байна.