Өнөөдөр 09-р сарын 1-нимй өдөр, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Жил
бүрийн энэ өдөр Монгол улс даяар их дээд сургууль, дунд сургууль,
цэцэрлэг мөнгөн хонхоо дуугарган шинэ хичээлийн жил эхэлдэг. Монгол
орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн
өргөө болсон сургууль, цэцэрлэг бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд
дарагдаж эрдмийн их аянаа эхлүүллээ.
Налайх дүүргийн хэмжээнд
энэ хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 14 цэцэрлэг, 10 сургууль
өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, дүүргийн ИТХ-ын дарга
Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, дүүргийн ИТХ-ын
тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож, багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн
баярын мэнд дэвшүүлсэн юм. Энэ үеэр “Голомт” цогцолбор сургуулийн
хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга
Б.Нэргүй оролцож, багш, сурагчдад хандан үг хэллээ.Тэрээр жил бүрийн 09
дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхэд
багачууд сургууль, анги танхимдаа цуглаж, арван жилийн босгыг анх алхаж
байгаа алдрай бяцхан хүүхдүүд цүнхээ үүрч, сургуульдаа ирдэг. Ийм сайхан
баярт үйл явдал болдог уламжлалтай. Голомт цогцолбор сургууль бол
Налайх дүүргийн ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана,
элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал билээ. Тус
сургуулийнхаа нэрийг дүүрэг,нийслэл, тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй,
мэргэн хүүхэд, залуучууд олонтой төрж гарсан алдартай сургууль юм. Тийм
учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж,
сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой
хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе. Монгол улсын ирээдэй болсон хүүхэд
багачууд, сурагчид, оюутан залуус, тэднийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд
хүчин зүтгэж байгаа бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ
хичээлийн шинэ жилийн, 9 сарын нэгний баярын мэндийг хүргэж, эрдмийн их
үйлсэд тань сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсье хэмээлээ.