Налайх дүүргийн 5-р хороонд шинээр баригдсан төвийн шугамд холбогдсон худгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер З.Болдбаатар, 5-р хорооны төлөөлөгч, Засаг дарга Д.Мөнхбаяр, ИНХ-ын дарга Л.Цэцгээ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Алтандөш, төлөөлөгч Д.Мөнхбаярын санаачилгаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 5-р хорооны Гандан Туулын 6-р гудамжны төв хэсэгт иргэн Я.Эрдэнээ ахлагчтай “Городок-Ус”, “Городок ус түгээх” нэртэй 2 иргэдийн бүлэг стандарт, техникийн нөхцлийн дагуу төвийн цэвэр усны шугамд холбогдсон худгийг шинээр барьжээ.
Тус худаг нь 306 метрийн урттай, 0,8 мм зузаантай, өндөр даралт, галд тэсвэртэй полимер хоолойгоор төвийн цэвэр усны шугамд холбосон бөгөөд, гал унтраах аваарын гаргалгааг хийж өгснөөрөө давуу талтай юм. Гандан туулын 6-р гудамжны ойр амьдардаг иргэд худагтай болсондоо баяртай байгаа бөгөөд иргэд өөрийн хашаандаа цэвэр усны шугам татах боломжтой юм байна.
Цаашид тус худгийн үйл ажиллагааг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ хариуцаж ажиллах болно.