Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 106 жил, Ардын Хувьсгалын 96 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар улсад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, хамт олноо манлайлан ажилласан дүүргийн 8 иргэдэд төрийн дээд одон медаль гардуулан өглөө.
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Налайх дүүргийн иргэн Нямдоржийн Нэргүйг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор, Журнайн Бадамцэцэг, Алтангэрэлийн Одгэрэл, Хорлоогийн Оюунгэрэл, Чүлтэмийн Хулганаа, Эрдэнийн Баясгалан, Тогоочийн Мөнхзаяа, Пүрэвдоржийн Ганбаатар нарыг "Алтан гадас одон"-оор, Цэрэннадмидын Вандуушийг "Цэргийн гавьяаны одон"-оор тус тус шагнаж урамшууллаа.
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын тэргүүлэгч Г.Баттөмөр, Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар гардуулан өгч, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст болон дүүргийн нийт иргэддээ Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсаа байгуулсны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын Хувьсгалын 96 жилийн ой, Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Өөдөө мандах нарны жавхаатай, өөдлөн дэвжих хөгжлийн заяатай, дэлхийг тамгалсан морин туурай, дээлээрээ гоёсон монгол түмэн минь дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ