Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу өнөөдөр Налайх дүүргийн Спорт цогцолборын зүүн талд 1,7 дугаар хорооны “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Туркын Тика хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсли Чифтжи, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ЭМТ-ийн дарга Л.Байгал, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч нар, 1,7-р хорооны ӨЭМТ-ийн дарга Б.Баатарсайхан, Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй болон иргэдийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 20 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барих юм. Өнөөдрийн хувьд Налайх дүүргийн 1,7 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлын шав тавих ёслол болж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 20 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Мөн дүүргийн ЭМТ-ийн барилгын дээврийн засвар хийхээр болсон”-ыг онцлов.
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Дүүргийн эрүүл мэндийн салбар эрчимтэй хөгжсөөр байна. 50 ортой хүүхдийн эмнэлэг, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх мэт. Мөн ЭМШУИС-ийн оюутнуудыг дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд дадлагаар ажиллах, тэдний ажилд туслах, иргэдэд түргэн шуурхай үйлчлүүлэхээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болсныг онцлов. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдыг чадваржуулах зорилгоор Япон, Солонгос, Хятад, Европын орнуудад сургахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм.