Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Гадаад харилцааны яам, Канадын олон улсын баялагийн хөгжлийн хүрээлэн, Байгалийн баялагийн засаглалын хүрээлэнтэй хамтран улсын өмчит уурхай, түүний хаалтын талаар уул уурхайн залуу мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа. Семинарт дүүргийн Засаг даргын үйлдвэр ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Канадын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Гленн Зизански, гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн болон Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны уул уурхайн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Энэхүү семинарын гол зорилго нь уул уурхайн бодлого боловсруулах түвшинд ажиллаж буй залуу мэргэжилтнүүдэд уул уурхайн хаалтын бодлогын үр дагаврыг таниулахад оршиж байна. Олон улсын байгууллага, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны уул уурхайн бодлогын газрын албан хаагчид, олон улсын уул уурхайн залуу мэргэжилтнүүд Налайх дүүрэг дэх нүүрсний уурхайтай танилцаж, туршлага судалсан чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.