Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоодын дарга нартай дүүргийн удирдлагууд өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, хоршоодын үйл ажиллагааны тогтвортой байдал, тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Налайх дүүрэгт “Бумбат толгой” , “Локо мөнхийн андууд”, “Эхлэл нэг наяд”, “Городок нисэх”, “Алтан тэрэлж нутаг” гэсэн 5 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хорооны иргэдийн санаачилгаар 2014 онд анх байгуулагдаж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэх газраас 100,000,000 төгрөгний хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авч, гэрээ байгуулан хорооны иргэдийн бизнесийг дэмжихэд гол ажлаа чиглүүлэн ажилладаг байна. Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд худалдаа үйлчилгээ, авто угаалга, дугуй засвар, оёдол, мужаан, хэрчсэн гурилын үйлдвэр, гутал засвар зэрэг бичил бизнес эрхэлж, ажлын байрыг нэмэгдүүлсээр байна.
Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд орон нутагт хийгдэж буй ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Хадгаламж зээлийн хоршоодоос гаргаасан саналууд:
-Тусгай хамгаалалттай газар олголтыг дүүргийн мэдэлд өгөх,
-Зам засварын ажилтай уялдуулан зам засвар арчлалтын ажил хийх,
-Тэрэлж хэсэг алслагдсан хороо учир банк бус санхүүгийн байгууллага байхгүй, бизнес эрхлэгчид маш их байдаг ч, үл хөдлөх хөрөнгө байдаггүй улсаас зээл авч чаддаггүй тул мал, машин тэргэнд нь тулгуурлан зээл олгож байна.
-Зээлийн хүлээлт их үүсэж байгаа учир хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна.
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс төсөл хөтөлбөрийг дэмжин зээл олгодогийг банкаар биш хороодын Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулах .
-УИХ-ын намрын чуулганаар Хадгаламж зээлийн хоршооны асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан бидний санал хүсэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд уламжлах, цаашилбал албан ёсоор уулзалт хийж, санал хүсэлтээ танилцуулах.
-Хороодын Хадгаламж зээлийн хоршоог иргэдийнх нь дунд, анхан шатны нэгж хорооны байранд үйл ажиллагаагаа явуулах
-Нийт гарч байгаа зээлийн 20-80%-д нь хадгаламж байршуулах заалтыг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гишүүд цөөн хэдэн төгрөгний зээл авч бизнес эрхэлж байгаа тул, хадгаламж өгөх боломжгүй байна.
-Дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт Хадгаламж зээлийн хоршоодыг хамруулах, гишүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг борлуулахад анхаарах,
-Хороодын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож байх,
-Хоршоодын гишүүд болон иргэдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээ зохион байгуулах,
-Сайн ажилласан гишүүдээ баяр наадмыг тохиолдуулан шагнуулах,
-Хоршооны үйл ажиллагааг иргэдэд цахим хуудсаар сурталчлах зэрэг саналыг хөндөн ярилаа.
Цаашид дүүргийн удирдлагууд хороодын Хадгаламж зээлийн хоршоотой хамтран ажиллаж, тэдэнтэй хамтран иргэдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ