Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутад Иргэний танхимд 85.7 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Б.Сампилноров, тэргүүлэгч Г.Баттөмөр, тэргүүлэгч Н.Батболд, тэргүүлэгч Д.Бэгзцэрэн, тэргүүлэгч К.Сейтхан нар оролцож, дараах асуудлыг хэлэлцлээ.
Газар зохион байгуулалтын талаар үзлэг, шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэн гарсан санал дүгнэлтийг Засаг даргад хүргүүлэх, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй төмрийн үйлдвэрийн талаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хэлэлцэж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт, шинжилгээ хийлгэн, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн байгууллагатай харилцан санал солилцох, ИТХ-ын ажлын албаны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу 7 дугаар сард мэргэжлийн байгууллагуудтай хамтран Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах тул тэр хүртэл шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах, шинээр эхлүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хойшлуулах, энэ онд дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өөрийн байгууллагын аж ахуйн хашааны засвар,машин техникээ нэмэгдүүлэх, хог тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжих, Эко-Налайх хөтөлбөрийг сайжруулан ногоон байгууламж, бүтээн байгуулалтаа хамгаалах, нөхөн сэргээлт хийх, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй тоосго, арьс шир, төмрийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд анхаарч ажиллан, эрсдлийг бууруулах боломжийг судлан, шийдвэрлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх болон уг хөтөлбөрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн Дүүргийн ИТХ-ын тавдугаар хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт хуралдахаар тогтлоо. Хуралдаанаар дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.