Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хотын дарга С.Батболд Налайх дүүрэгт ажиллалаа

2017-05-19

      Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт бүтээн байгуулалт тохижилтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Амарсайханы хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдоор ахлуулсан баг Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын даргыг дүүрэгт ажиллах баг бүрэлдэхүүнд Ногоон хөгжил агаарын бохирдлыг  хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Өлзийбаяр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн дарга Б.Цэрэнбалжид, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Ус сувгийн удирдах газар Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Байгаль орчны газар, Үйлдвэр инновацийн газар, Боловсролын газар, Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Нийгмийн халамжийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга нар бүгд багтсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, харьяа газрын дарга нар Бүрэн бүрэлдэхүүнтэй Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокт байрлах Бага оврын цэвэрлэх байгууламж, цэвэр усны дээд эх үүсвэрийн станцын үйл ажилгаа, Налайхын их уурхайн эдэлбэр газар, барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк – ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзлаа. Хотын дарга иргэдтэй уулзахдаа Налайх бол ууган дүүрэг элч гэрлээр хангах үйл хэрэгт 100 жил хүчин зүтгэж байгаа дүүрэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Та бүхэнтэйгээ уулзаж санаа бодлыг сонсох хүсэлтэйгээ илэрхийлээд нийслэлд хийгдэх болон Налайх дүүрэгт хийгдэх ажлыг танилцууллаа. Хотын дарга эхлээд Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэвэрлэх байгууламж нь Монгол инженерүүдийн шийдлээр байгуулагдаж, 2015 оны 7 дугаар сард ашиглалтад орсон байна. Ингэснээр өмнө нь бохир ус Туул голд цутгагддаг байсан байдал үгүй болжээ. Хамгийн сүүлийн үеийн техник технологиор хангасан цэвэрлэх байгууламж хоногт 1000 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 300 куб метр бохир усыг цэвэрлэдэг аж. Хаягдал бохир усыг биологийн аргаар буюу бичил биет ашиглан цэвэрлэдэг байна. Цэвэрлэх байгууламжийн талаар “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал Г.Чулуунбат хэлэхдээ “Манай цэвэрлэх байгууламж бол бүрэн биологийн цэвэрлэгээний байгууламж. Эндээс гарч байгаа саарал усаар их хэмжээний мод, газар тариалан услах боломжтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг моджуулах мод үржүүлгийн газрыг байгуулах боломж бий. Ингэвэл Налайх дүүргийн эдийн засагт ч үр өгөөжтэй гэж харж байна.” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэвэрлэх байгууламжтай танилцах үеэрээ төвлөрлийг сааруулахад цэвэрлэх байгууламжийн асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Городокын энэ цэвэрлэх байгууламж дэлхийн томоохон хотуудад байдаг цэвэрлэх байгууламжтай ижил технологиор ажиллаж байна. Үүнийг өргөтгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын захын дүүрэг, гэр хорооллыг бага оврын ийм цэвэрлэх байгууламжаар хангах хэрэгтэй гэж харж байна. Мөн үйлдвэрлэл болон ахуйн бохирдлыг тусад нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм.” хэмээв. Үүний дараа Налайх дүүргийн цэвэр усны дээд эх үүсвэртэй очиж танилцсан юм. Энэхүү эх үүсвэр Улаанбаатар хотын ундны усны 30 хувийг хангадаг байна. Эх үүсвэрийн хүчин чадал нь 72 мянган метр куб бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 48-50 мянган метр куб ус олборлодог аж. Өөрөөр хэлбэл дахин 20 мянган метр куб ус нэмж олборлох боломжтой байна. Гүний худгийн дундаж гүн 30 метр бөгөөд 2006 онд 5 насос, 16 гүний худаг нэмж гаргажээ. Хотын дарга хэлэхдээ “Усан хангамж, түүний аюулгүй байдалд хотын удирдлага онцгоо анхаарна. Энэ бол номер 1 асуудал байх ёстой. Цэвэр усны хамгаалалтын бүсэд  иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг асуудлыг шийдвэрлэнэ.” гэлээ. Мөн Налайхын уурхайд ажиллах үеэрээ Уурхай нэртэй замбараагүй байдал даамжирсаар одоо уурхай юу, суурьшлын бүс үү, хогийн цэг үү гэдгийг ялгаж салгахад бэрх болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд хулгайгаар нүүрс олборлох явдал ихэсч, гар аргаар нүүрс олборлосон амууд нь суурьшлын бүстэйгээ нийлж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон байна. Налайхын уурхайд нөхөн сэргээлт яаралтай хийх шаардлагатай гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргахаар боллоо. Үүний дараа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ын үйл ажилгаатай танилцсан юм. Тус парк  ашиглалтад орсноор 1500 ажлын байр шинээр бий болж, манай улс барилгын материал импортлогч биш дотооддоо үйлдвэрлэгч болох юм. Одоогийн байдлаар тус паркад үйлдвэр байгуулах саналаа 15 үйлдвэр албан ёсоор өгсөн байна. Эхний ээлжинд хэв хашмал дахин боловсруулах, дулаалгын материалын, металл хийц эдлэлийн, өнгөлгөөний тоосгоны, шил шилэн хийц эдлэлийн гэсэн таван үйлдвэр байршина. Эдгээр чиглэлээр үйлдвэр байгуулах саналаа 5 компани өгчээ. Хотын дарга эхний ээлжийн таван компанийн ажлыг эхлүүлэхэд анхаарахыг зөвлөөд,  хотын зүгээс шаардлагатай зүйлээр дэмжихээ хэллээ. Эхний ээлжинд инженер дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөхөө хэлсэн юм. Энэхүү үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагааны үр дүнд улсын хэмжээний Барилгын материалын нэгдсэн зах, бөөний худалдааны төвийг Налайхад байгуулах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн Налайх дүүрэг дагуул хот болон хөгжих үйлдвэрлэлийн үндэс суурийг бий болгох юм. Нийслэлийн Засаг даргын Налайх дүүрэгт ажилласан гол зорилго болох иргэдийн санал, хүсэлтийг сонсох уулзалт Налайхын соёлын ордонд боллоо.Тус уулзалтаар иргэдээс олон төрлийн  санал гарч байлаа. Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баяр хэлэхдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулахаар болсон. Налайх дүүргийн 24, 25, 27 дугаар байр гэхэд тааз нь нурж, иргэдэд аюултай байдал үүссэн. Мэргэжлийн байгууллагаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Үр дүн гарвал гарахаар хугацаа өнгөрсөн ч ажил хийгдэхгүй байна.” хэмээлээ. Үүнд хотын дарга “Хуучин барилгыг дахин төлөвлөх ажлыг барилгын компаниуд ихээр сонирхож байгаа. Налайх дүүргийн таны хэлсэн барилгын хувьд 3 удаа тендер зарласан ч харамсалтай нь сонирхох компани байгаагүй. Гэхдээ үүнд хотын зүгээс анхаарна.” гэлээ.

     Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Алтангэрэл хэлэхдээ “Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр бий. Улирлын чанартай 1500 иргэнийг ажлын байраар хангаж, цалинжуулдаг. Өнөөдөр гэхэд 2 өдрийн турш ажлаа орхиод аж ахуйн нэгжүүдийг уриалж, уурхай орчимд үүссэн хур хогийг цэвэрлэж байна. “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” дээр тоосгоны үйлдвэрүүдэд арай давуу байдал олгож өгч болох уу?” гэсэн юм. Хотын дарга “Тоосгоны үйлдвэрүүд ажлын байр бий болгож байгаа нь сайн. Гэхдээ налайхын иргэдийг ажиллуулдаггүй, цэвэрлэгээ хийдэггүй гэсэн гомдол иргэдээс ирдэг. Үүнд анхаар. Харин “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-д тоосгоны үйлдвэрүүд хамтарч, тоосго үйлдвэрлэнэ гэвэл хамгийн түрүүнд газар олгоно.” хэмээв. Үүнээс гадна хүүхдийн цэцэрлэг, урлаг спортын заал, парк байгуулах, хогны машины асуудал, хилийн цэс зэрэг асуудлуудыг хөндөж, иргэд асуулт тавьсан. Тэдгээр хотын дарга болон холбогдох албаныхан зохих хариултыг өгч, заримыг нь холбогдох байгууллага, яамдад уламжлахаар боллоо. Хотын дарга хороодод хүрч, иргэдийн асуудлыг өөрсдөөс нь сонсож байгаад иргэд баяртай байгаагаа хэлж байлаа. Өмнө нь нийслэлийн удирдлагууд ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр Налайх дүүрэгт ирж, иргэдтэй уулзаж байгаагүйг ч хэлж байсан юм. Дарга, удирдлагууд өрөөний цонхоор харж, ажил ярих биш өөрсдөө дунд нь орж, ажил хийдэг байх ёстойг хотын дарга онцлон хэллээ. Цаашид ч дүүргүүд, хороо бүрт хүрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа мэдэгдээд  2017 онд Налайх дүүрэгт Боловсролын салбарт 10 тэр бум төгрөг, /2 сургууль, 2 цэцэрлэг/ Дүүргийн Эрүүл мэндийн барилгын засварт 423.4 сая төгрөг, Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 300 сая төгрөг, Хогны тээврийн машиний парк шинчлэлтэд 100 сая төгрөг, Азийн хөгжлийн банк, Туркийн Стамбул хотын хамтын ажиллагааны хүрээнд 15 өрхийн эмнэлгийн барилга баригдана. Жишиг гэж хэлж болохуйц энэ эмнэлгийг бусад дүүрэг, хороонд  стандартын дагуу барих  ажлыг хийх нь зөв гэж хотын даргын хувьд бодож байна. Эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах  орчин нөхцөл сайжирснаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжрах бололцоотой  гэж  хотын дарга  хэлсэн юм. Энэ ажлын хүрээнд Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт  “Жишиг өрхийн эмнэлэг”  барихаа амлалаа. Өрхийн эмнэлэг нь нийтдээ 1000 метр квадрат талбай бүхий 2 давхар барилга юм. Тус эмнэлэгт эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, нүд, эхо, рентгэн зураг авах зэрэг эрүүл мэндийн анхан шатны бүхий л үйлчилгээг үзүүлэх боломжтой аж.  Иргэдийн хувьд ч заавал дүүрэг, 3 дахь шатлалын эмнэлгийг зорихгүйгээр  өрхийн эмнэлгээсээ эмчилгээ, үйлчилгээгээ авах юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%