Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Манай улс "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"- ийн арга хэмжээг улс даяар 8 дахь жилдээ, 14 дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй Тэргүүлэгч К.Сейтхан, Төлөөлөгч Г.Баярсүрэн, О.Энхтайван, Хурлын ажлын албатай хамтран “Хөл Налайх” цэцэрлэгт 20 ширхэг Хайлаас мод тарьлаа.Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс Налайх дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө хүн бүр мод тарихыг уриалж байна.“Нэг мод таривал мянган маани уншсантай адил” гэж Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас мэдээллээ.