Үйлдвэрийн ослоор амь үрэгдсэн иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Өнөөдөр дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, хурлын тэргүүлэгч К.Сейтхан, Д.Алтандөш, Б.Сампилноров, Д.Бэгзцэрэн, төлөөлөгч Х.Анхбаяр, С.Тунгалаг, Г.Баярсүрэн, Хурлын ажлын албаны дарга А.Булбул, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, МУ-ын хөдөлмөрийн баатар Т.Окобал нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй үг хэллээ.
1990-ээд оноос хойш Налайхын уурхайд ослоор 160 гаруй хүн алтан амиа алдсан тоо баримт байна. Харин 1000 шахам осол аваарын дуудлага ирсэн байдгаас 600 гаруй хүний алтан амийг авран хамгаалсан байдаг юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргаж байсан байна. Харин манай улсын тухайд 2009 оноос энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 оноос “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан сарын аян өрнүүлдэг болсон.
Налайх дүүргээс 04 сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд үйлдвэрлэлийн ослоос болж эндсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнээс гадна үйлдвэр, аж ахуйн газруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг сурталчлах ажлуудыг түлхүү зохион байгуулдаг байна.
Иймээс үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж эрүүл аюулгүй орчин нөхцөлөөр хангаж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэх , сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд сануулдаг юм. Мөн ажилтан албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болгоомжгүй үйлдэл, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхааруулдаг.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ