УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ U18 НАСНЫ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ U18 НАСНЫ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ. Аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй U18 насны 3X3 сагсан бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Дундговь аймагт эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар, Дундговь, Эрдэнэт, Дархан Хэнтий, Баянхонгор зэрэг аймгуудын эрэгтэй 16, эмэгтэй 11 нийт 28 баг тамирчид оролцож байна. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нийт баг тамирчдад амжилт хүсээд аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэхүү 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа талаар дурьдаад тэмцээнийг нээлээ. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Сагсан бөмбөгийн шинэ хурдацтай хөгжиж буй 3*3 төрлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шилдэг шинэ залуу тамирчин бэлтгэх зорилготой Монгол улсын өсвөр үеийн U18 насны 3*3 улсын аварга шалгаруулах тэмцээн хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлогтой гээд нийт тамирчдад амжилт хүслээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн тэргүүн Лхагва-Очир тэмцээнийг бүх аймагт жишиг болгохоор зохион байгуулах саналыг гаргаж тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нарт болон БТСГ-ын хамт олонд баярласан талархсанаа илэрхийллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нь 2017 оноос Монголын 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа талаар дурьдаад 3х3 сагсан бөмбөгийн холбооны хамт олны зүгээс баяр хүргэлээ.