Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 2017, 2018 ОНД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЛАА

2019-01-31

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн тоон статистик мэдээнээс үзвэл: 2017 онд гэмт хэргийн гаралт 8,5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан бол 2018 онд гэмт хэргийн гаралт 6.9%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах гэмт хэрэг 33.3%-иар буурсан, хүчиндэх гэмт хэрэг 20%-иар буурсан, гэр бүлийн хүчирхийлэл 62,5%-иар буурсан, автомашины хулгай 80%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бол бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 14,4%-иар өссөн, залилан 19%-иар өссөн, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22,2%-иар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Налайх дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн үйл ажиллагаанаас:

“Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүллээ

“Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж, архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэн, архигүй дүүрэг, хороо, байгууллага бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин ажиллав

Засаг захиргааны анхан шатны нэгжид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 7 хорооны “Хамтарсан баг”-ийн дунд болзолт уралдаан зарлаж, үр дүнг нь тооцон ажилласан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Налайх, Багануур, Багахангай дүүргийн хамтарсан зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгуулж, төр захиргааны байгууллага, авто зам, тээврийн байгууллагуудын саналыг хэлэлцэн, зөвлөмж гаргаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргүүлсэн. Бага насны хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг иргэд, олон нийт, эцэг эхчүүдэд сурталчлах зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Ногоон гэрэл цагаан шугам”, “Дэвжээ” зэрэг тэмцээнүүдийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохиоон байгуулсан.

Хууль хяналтын байгууллагын хамтарсан шалгалт хийлээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хууль хяналтын байгууллагын хамтарсан шалгалтыг 2 удаа зохион байгуулан, үнэлэлт дүгнэлт өглөө.

Сурагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарал хандуулан ажилласан

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэншүүлэн төлөвшүүлэх зорилгоор “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага хэвлүүлэн гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн 1-4-р ангийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сурагчийн аюулгүй байдал” номоор хичээл зааж байна. Сургалтаар хүүхэд гэртээ ганцаараа байх, хичээлдээ ирэх, тараад гэртээ харих үед гэмт хэргийн хорирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, танихгүй хүнээс болгоомжлох, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл өгч, хүүхэд өөрөө аюулгүй байдлаа хангах мэдлэг чадварт сургаж байна.

“Сургуулийн ОРЧНЫ бүс” MNS 64444:2014 стандартыг
хангАХ ажлыг эрчимжүүллээ

Сурагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийж, Стандартчилаллын үндэсний зөвлөлийн 2014 оны 04 дүээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тоглоолоор батлагдсан “Сургуулийн бүс-MNS 64444:2014 стандарт”-ыг хангуулах ажлыг эрчимжүүлж, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургууль, Эрдмийн-Оргил цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургуулиуд “Явган хүний гарцын тэмдэг, анхаар хүүхэд тэмдэг, хурд сааруулагч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, анхаар хүүхэд тэмдэг байршуулснаас гадна сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага хэвлүүлэн тараажээ.

Налайх дүүргийн 1,5-р хороог камержууллаа

Гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд Цагдаагийн хэлтсийн техник, тоног төхөөрөмж дутмаг, хүн амын өсөлт, ажилгүйдлээс үүдэн гэр хороолол, орон сууц, гэр бүлийн орчинд гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа бөгөөд хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн техник технологийг ашиглах, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 1, 5-р хорооны нутаг дэвсгэрийг камержууллаа. “Зөв технологи” ХХК 1 дүгээр хорооны Уурхайчид, Баянзүрх, Энгэршанд хэсэгт hikvision брэндийн 1 ширхэг дугаар хардаг, 5 ширхэг эргэдэг, 14 ширхэг чигийн нийт 20 ширхэг хяналтын камер, “Ай Би ӨҮ” ХХК 5-р хорооны Нисэх хотхон, Гандан-Уул, Гандан-Ам хэсгийн 20 цэгт hikvision брэндийн 20 хяналтын камерыг суурилуулж Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. 2019 онд 4,7-р хороог камержуулж, цаашид хороодын камерын нэгдсэн хяналтыг Цагдаагийн хэлтэст төвлөрүүлэхээр ажиллаж байна.

дэд зөвлөлүүдийг байгууллаа

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд 4 дэд зөвлөлийг байгууллаа. 
1.Хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл
2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
3.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
4.Архидан согтуурах, хар тамхи, мансууралтай тэмцэх дэд зөвлөл. Дэд зөвлөлүүд нь тусгай төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%