Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны хоёрдугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 81.8%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Хуралдаанаар 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар гэмт хэргээас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн О.Болдбаатар танилцуулав. 2018 оны 05-р сарын байдлаар дүүргийн хэмжээнд 226 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45,8%-иар өссөн байна. Гарсан гэмт хэргийг хороодоор авч үзвэл 1-р хороо 49, 2-р хороо 52, 3-р хороо 37, 4-р хороо 19, 5-р хороо 22, 6-р хороо 19, 7-р хороо 25 гэмт хэрэг гарсан. “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдаанд 4 дүгээр хорооны засаг дарга нь “Од санаа” ХХК-тай гэрээ байгуулан тус хорооны Их амын 13 дугаар гудамж, Нисэхийн 2 дугаар гудамж, Замчин, Под станц, Нисэхийн 43 дугаар гудамжуудад чигийн 3 телекамерыг 4.050.000 төгрөгөөр байршуулан “Хороо” номинацад тусгай байранд орж 1 сая төгрөгөөр шагнагдсан. Дүүргийн 2 дугаар хороо 10 дугаар байрны 93 тоотод оршин суугч Ю.Ганзориг нь 1.070.000 төгрөгөөр чигийн 4 телекамер өөрийн байранд байршуулсаныг “Иргэн” номинацад нэр дэвшүүлж тусгай байранд орж 1 сая төгрөгөөр шагнагдсан амжилттай оролцсон.
Мөн “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагч Б.Батбаатар танилцуулав. Налайх дүүргийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2018.04.13-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар батлуулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг 2018.05.08-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагуудад гардуулан өгч, гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болохын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачилгатай хамтран ажиллахыг уриалав. Дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийн “эргүүлтэй эзэнтэй налайх” зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний 5 анги байгууллагатай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Санамж” бичгийг байгуулан 2018.05.16-ны өдрөөс эхлэн 320 алба хаагч Цагдаагийн алба хаагчийн хамт хороодод эргүүлийн үүрэг гүйцэтгэж нийт 14 зөрчил илэрүүлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн 36 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, ар гэртэй агсан согтуу тавьж иргэдын амгалан тайван байдлыг алдуулж зөрчил гаргасан 16 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, давхардсан тоогоор 478 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж ажилласан байна. Гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа архидан согтуурах, танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 2018.05.15-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 4 анги, салбараас ажлын өдрүүдэд 40 цэргийн алба хаагчдыг дүүргийн 6 хороонд 09:00-13:00, 15:00-19:00 цагийн хооронд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, урамшилт эргүүлүүдийн хамт өдөрт 15 чиглэлд 54 алба хаагчдыг үүрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран 389 хүнийг хамруулан 4 удаа сургалт, уулзалтыг зохион байгуулж, заасан хугацаанд тайлан хүргүүлж ажилласан.
НД-2 хороо Сайн номуун хийдийн зүүн талаас 2018.05.22-ны шөнө 03:00-06:30 цагийн хооронд иргэн “Б”-ийн эзэмшлийн “Приус-11” маркын автомашин хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтэс, “Аж Богд Моунтэйн” ХХК, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршандын гудамжны уулзвар, Буян Налайх худалдааны төвийн уулзварт суурилагдсан телехяналтын камерын бичлэгээр чиглэлийг тогтоож, шуурхай эрэн сурвалжлан тус дүүрэгт оршин суух хаягтай “У” гэгч үйлдсэн болохыг илрүүлж ажилласан ба бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажилд дүүрэгт суурилагдсан телехяналтын камерын төхөөрөмжийг шалгаж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа ГХУСАЗСЗ-өөс гишүүн байгууллагуудад хийсэн хамтарсан шалгалтын дүгнэлтийг танилцуулав. Шалгалтаар гишүүн байгууллагууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг оновчтой төлөвлөөгүй, сургалт сурталчилгааны ажил дутмаг байсныг анхааруулаад цаашид дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан, ажлын төлөвлөгөөг гаргах, гэмт хэргийн гаралт өсөхөд тодорхой төрлийн ажил зохион байгуулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэсэн юм.
Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Ургамалцэцэг хороодын хамтарсан багийн дунд зарласан Болзолт уралдааны явц, хагас жилийн байдлаар хийсэн ажлын тайланг танилцууллаа.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.4 дэх хэсгийн дагуу дүүргийн хэмжээнд дараах 4 дэд зөвлөлийг байгуулав. Үүнд:
1.Хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл
2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
3.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
4.Архидан согтуурах, хар тамхи, мансууралтай тэмцэх дэд зөвлөл
Дээрх дэд зөвлөлүүд нь салбар бүрээр хуваагдан тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулан ажиллах юм.