Өнөөдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо.
Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 287 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 73 хэргийг илрүүлж, хэргийн илрүүлэлт 25,4 хувьтай байна. Эзэн холбогдогч нь тодорхойгүй 214 гэмт хэрэг шалгагдаж байгаа ба 94 буюу 43,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Архидан согтуурахтай тэмцэх дээрх арга хэмжээг 2017 онд зохион байгуулснаар согтуугаар үйлдэгдсэн 59 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 68 хэргээр буюу 53,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 оныг “Архигүй жил” болгон зарласантай холбогдуулан архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус цагдаагийн хэлтсээс хэв журмын ахлах байцаагч нар багтсан бөгөөд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/69 захирамжаар байгуулан “Архигүй Налайхчууд” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөр болон “Эргүүл”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөрүүдийн төслийг хүргүүлж 2018 онд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Тайлангийн хурлын үеэр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй “2017 онд Налайх дүүрэгт гарсан гэмт хэрэг зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Цаашид хороо бүрийг камержуулахаар зорьж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Цагдаагийн хэлтэст хороодын камерын нэгдсэн хяналтын төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж” ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн хэлтэст шаардлагатай байсан согтуугийн тандагч багаж 2 ширхэг, суурин компьютер, өнгөт принтерийг гардуулан өглөө. Үүний дараа дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” уриатай бүтээлч аяны туг, дэвтрийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.