Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017 оны 12-р сарын 26-ны өдөр 2017 онд хийсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ. Хуралдаанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн байгуулллагын удирдлагууд, ЗДТГ, Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтэс, Налайх Багахангай дүүргийн прокурор, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, 7 хорооны Засаг дарга нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо. Хуралдааныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй нээж үг хэлэв.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 8,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны нэгдсэн статистик судалгаанаас үзвэл гэр хороолол, орон сууцны орчинд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тоо их гарсан бөгөөд бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 163, хулгайн гэмт хэрэг 133 гарсан байна. Гэмт хэргийн гаралтыг хороодоор авч үзвэл 4-р хорооны гэмт хэргийн гаралт буурсан бол 1-р хорооны гэмт хэргийн гаралт өсөлттэй гарчээ.
Налайх дүүргийн хэмжээнд 2017 онд 3-р хороо 10 сая төгрөгөөр 12 камер, 2-р хороо14 сая төгрөгөөр 27 камер, “Сайн хөрш” хөршийн хяналтын бүлэг 6,5 сая төгрөгөөр 5 камер, 1 иргэн 850,000 төгрөгөөр 2 камер, нийт 31,3 сая төгрөгөөр 46 камер шинээр суурилуулаад байна. Цаашид хороо бүрийг камержуулж, шилэн кабелийн сүлжээгээр нэгдсэн холболт хийж, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст нэгдсэн хяналтыг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Хуралдааны төгсгөлд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласан гишүүн байгууллагуудын шилдэг албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Энэ үеэр Налайх дүүргийн 4-р хороо “Шилдэг хамтарсан баг”-аар шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагнал хүртлээ.