С.Тунгалаг: Нэг хүч, нэг сэтгэлээр ажиллавал ямар ч ажлын ард гарч чадна
Налайх дүүргийн Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалагтай ярилцлаа.
-Ажлаа хүлээн аваад бараг нэг жил болох гэж байна. Төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч амжив уу?
-2016 оны 12 сар, 2017 оны эхний 09 сард ажил хүлээж аваад дүүргийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өөрийн эрхэлсэн ажил болох
үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч, Засаг
даргын орлогчийн ажлыг хийхдээ төлөвлөсөн зорилт, зорилгоо маш амжилттай
биелүүлж олон ажлыг амжилттай зохион байгууллаа.
Нэн тэргүүнд
дүүргийн маань тулгамдсан асуудлын нэг болох уул уурхай, хууль бусаар
ашигт малтмал олборлож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг
цэгцлэх, хуулийн хүрээнд ажиллуулах, зөрчлийг арилгах асуудлыг барьж
авсан. Хамгийн түрүүнд хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг
хуулийн хүрээнд зохион байгуулалтад оруулах ажлыг эхэлсэн. Өнгөрсөн 2
сард лицензтэй аж ахуйн нэгжийн талбайд нөхөрлөлийн гэрээгээр ажиллуулах
ажлыг зохион байгуулж, эхний удаад уурхайчиддаа хууль эрхзүйн мэдлэг
олгох, ямар хууль, дүрэм журам баримталж ажиллах, ямар шаардлага
тавигдах талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.
Мөн зөрчил
үүсгэн иргэдийн болон төрийн өмч хөрөнгийг сүйтгэн хохирол учруулж
байгаа хэсгийг хаах, зогсоох, булж дарах ажлыг зохион байгуулсан. Үүний
үр дүнд дүүргийн 57 уклон хэсэгт суурьшлын бүсийн иргэдийн хашаа, орон
байр, гэр доогуур явсан уурхайг хаах ажлыг хийж 2 сарын 25 гэхэд бүрэн
зогсоосон.
Налайхын уурхайн эдэлбэр газрын нутаг дэвсгэрт аж ахуйн
нэгжээс бусад дүүргийн мэдэлд байгаа завсрын газруудад уул уурхай,
хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хэр орсон, хичнээн хэмжээний
талбай сүйдсэн талаар тооллого хийсэн. Энэ тооллогын талаар ажлын хэсэг
дүүргийн Засаг даргад тайлагнаж, ОНХС-ийн хөрөнгөөс 35 сая төгрөгийг
суулгуулж, ИТХ-аар батлуулан байгаль орчинд хохирсон хохирлын үнэлгээ
гаргуулсан. Байгаль орчныг сэргээх, нөхөн сэргээлт хийхийн тулд нэн
тэргүүнд хохирлоо тооцох шаардлагатай. Хохирлоо тооцоогүйгээр байгаль
орчныг нөхөн сэргээх ажлыг хийж чадахгүй. Үнэлгээ хийлгэсний үр дүнд
байгалийн баялгийг ашигласан, байгаль орчныг хохироосон иргэдээс
хохирлыг гаргуулах ажлыг зохион байгуулж, нөхөн төлбөр нэхэх боломжтой
болж байгаа. Мөн нийслэл, Засгийн газраас дэмжлэг хүсэхэд манай дүүрэгт
ийм байгалийн хохирол учирсан, бидэнд энэ хэмжээний мөнгөн санхүү, эдийн
засгийн тусламж дэмжлэг хэрэгтэй гэсэн цаасан суурьтай баримт бий болж
байгаа юм.
Хоёрдугаарт дүүргийн маань иргэд ихэвчлэн хувиараа ашигт
малтмал олборлож амь зуулгаа залгуулж явдаг учир уурхайчдыг бүгдийг
ажиллуулахгүй гэдэг шаардлага тавих хүнд байсан. Иймээс Засгийн газрын
2010 онд гарсан 308 дугаар тогтоолын хүрээнд уурхайчдыг нөхөрлөлийн
хэлбэрт оруулан аж ахуйн нэгжийн лицензтэй талбайд гурвалсан гэрээгээр
ажиллуулах ажлыг эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 2 сард эхний
ээлжинд 10 нөхөрлөлтэй Сүмбэр худаг ХХК-ийн талбайд гэрээ байгуулж
ажилласан.
Саяхан 8 сард иргэдийг ажиллах нөхцлийн хүрээнд хэд
хэдэн заалтыг нэмж оруулан Засгийн газрын 5 сард гарсан 151 дүгээр
тогтоолын хүрээнд шинэ гэрээ байгуулан 5 нөхөрлөлийг ажиллуулахаар гэрээ
байгуулсан.
Налайх дүүргийн уурхайн эдэлбэр газрыг Налайхын иргэд
бүгд мэдэж байгаа. Бидний тоолсон тооллогоор 1000 гаруй ам цооног
тоологдсон. Энд гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэхээс гадна байгаль орчин
маш их хэмжээгээр хохирсон. Дүүргийн өнгө үзэмж алдагдсан, хог асгах,
хогийн цэг үүсэх зэрэг бэрхшээл зовлон их байсныг нуугаад яахав.
Нөхөрлөлийн гишүүд маань өнгөрсөн 8 сард хандив болгож мөнгө цуглуулан
дүүргийнхээ хамгийн эрсдэлтэй байгаа цэг болох 2 дугаар хорооны
нарлагийн хэсэг эрсдэлтэй байгаа 8,7 га талбайг тэгшлэх, овоолсон
овоолго шороог дарж булах ажлыг хийлээ. Энэ мэтчилэн уурхайн асуудалд
эхнээсээ дэвшил харагдаж байна шүү.
-Одоо дүүрэгт зөвшөөрөлтэй хичнээн уул уурхайн нөхөрлөл, компани үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Налайх дүүргийн хувьд ашигт малтмалын лицензтэй 108 аж ахуйн нэгж, 128
ам цооногт 1300 гаруй иргэд хувиараа ашигт малтмал олборлон ажиллаж
байгаа тоон мэдээ өнгөрсөн 12 сард явуулсан эхний тооллогоор гарсан.
Одоогийн байдлаар 50 аманд Сүмбэр худаг ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд 10
нөхөрлөл ажиллаж байна. Ямартай ч зөвшөөрөлгүй талбайд ажиллах ам
цооногийн тоо 50 хувиар буурсан. Бид цаашид хууль бус үйл ажиллагааг
дэмжихгүй, зогсоохын тулд бусад талбайд үзлэг шалгалт хийж, тэнд ажиллаж
байгаа хүмүүсийг нөхөрлөлийн хэлбэрт оруулж, ашигт малтмалын лицензтэй
талбайд ажиллахыг зөвлөж, хэлж, холбож өгөх ажлуудыг хийж байна.
-Уурхайчид маань хуулийн хүрээнд албажиж нөхөрлөлийн хэлбэрт орон үйл ажиллагаа явуулснаар ямар давуу талтай вэ?
-Нөхөрлөлийн хэлбэрт орж ажилласны давуу талууд өнөөдөр бидэнд харагдаж
байна. Уурхайчид өмнө нь хоршиж биш ганц нэгээрээ ам цооног ажиллуулдаг
байсан бол зохион байгуулалтанд орсноор хамтын хүчээр хөдөлмөр эрхлэх
нөхцөл бий болж байна. Мөн гурвалсан гэрээ байгуулснаар дүүргийн эрх
хүрээнд чадавхжуулах сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран
удаа дараа зохион байгуулснаар аваар ослын тоо буурах, уурхайчид өөрөө
өөрсдөө хөдөлмөр аюулгүй байдлаа хамгаалж, дүрэм журмыг сахиж ажиллах
боломж нэмэгдсэн. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлдөг болсноор
эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажилласан жил нэмэгдэх зэрэг ач
холбогдолтой. Дээр нь ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал
зөвшөөрөлтэй олборлож байгаа бол зохих хувийг татвар болгон төлснөөр
дүүргийн татварын орлого нэмэгдэж, дүүргийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох
олон талын ач холбогдолтой.
Хэдхэн хоногийн өмнөхөн нөхөрлөлийнхөө
120 гаруй гишүүнийг ЭМШУИС-ийн уушгины тэнхим, Солонгосын Котолок их
сургуулийн уушгины тэнхмийн багш нартай хамтран эрүүл мэндийн үзлэгт
хамруулсан. Энэ үзлэгт хамрагдсанаар өөрсдөө мэдэхгүй байсан 3 хүний
өвчнийг илрүүлж, зөвлөгөө өгсөн.
-Хамтын хүч гэснээс өнгөрсөн
хавар Баялагийн хонгор дахь хур хогийн цэгийг аж ахуйн нэгж, иргэдийн
хүчээр цэвэрлэж чадсан гэсэн. Энэ талаар?
-2017 онд "Иргэдийн
оролцоотой хөгжлийн төлөө” уриалга дэвшүүлж ажилласан. Энэ хүрээнд аж
ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран дүүргийнхээ хөгжлийн төлөө нэг хүч, нэг
сэтгэлээр ажиллаж чадвал ямар ч ажлын ард гарч чаддаг юм байна гэдгийг
харуулж чадсан нэг жишээ бол 3 дугаар хорооны Баялагийн хонхор дахь
хогийн цэгийг цэвэрлэсэн явдал юм. Манай иргэд маш сайн мэдэж байгаа.
Бараг хорооны зам руу түрээд ороод ирсэн байдалтай байсан хогийн цэгийг
дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд,
ялангуяа тоосгоны холбоо буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож
байгаа аж ахуйн нэгжүүд санал санаачилга гарган машин техник, шатахуун
тосоо гарган 3 өдрийн туршид зохион байгуулалтад орж ажилласан. Хүнсний
аж ахуйн нэгжүүд 3 өдөр тэнд ажилласан хүмүүсийн хоол хүнсийг даах, олон
нийтийн бүлэг түүвэр хогийг түүх гэх мэтчилэн иргэд, аж ахуйн нэгжийн
хамтын хүчээр Баялагийн хонхорын 2 га газар тархсан байсан хогийг түрж,
булж, дарах ажлыг зохион байгуулж чадсан. Энд Зуунай даргатай Налайх
дүүрэг дэх Гамшгийн эрсдийг бууруулах төрийн бус байгууллага хамтран
зохион байгуулж, дуусгасан.
Хамтын хүчээр аливаа ажлыг хийж
болдгийг харуулсан мөн нэг жишээ бол уурхайн эдэлбэр 8,7 га газар нүд
халтирам болсон байсан нүх, овоолго шороог 3 өдөрт дарж тэшгилсэн. Тэр
хэсэгт овоолсон шороо нүх байж л байдаг юм, мөнгө санхүү байхгүй зэрэг
хандлагаар дээрээс гуйгаад сууж байсан бол өнөөдөр бид хогтойгоо, нүх
цооногтойгоо байж л байх байсан. Дотооддоо өөрсдийн нөөц бололцоогоор
шийдэж чадах зүйлийг хамтын хүчээр ард нь амжилттай гарч чадсан байх гэж
бодож байна.
-Өнгөрсөн 7 сард дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн
хэсэгт газар цөмөрсөн нөхцөл байдал үүссэн. Тэр хэсэгт хичнээн айл өрх,
иргэд амьдардаг байсан бэ? Тэдгээр иргэдийг асуудлыг яаж шийдвэрлэсэн
бол?
-Өнгөрсөн 7 сард айлын хашаанд цөмрөлт үүслээ гэдэг мэдээллээр
дүүргийн онцгой комисс яаралтай очиж ажилласан. Нарлагийн 25 дугаар
гудамжны 2 номерийн айлын хашаанд гэрийн буурьны хэмжээний цөмрөлт
үүссэн байсан. Энэ асуудал гэнэтхэн үүссэн зүйл биш. Өнгөрсөн 2 сараас
хойш газрын цууралт үүссэн байдалтай олон чиглэлийн ажлын хэсэг удаа
дараа очиж танилцах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, дээд газарт
албан бичгээр асуудлыг танилцуулах зэргээр холбогдох арга хэмжээг авч
байсан. 7 сард бороо их орсонтой холбогдуулан цөмрөлт үүссэн. Бид эхний
ээлжинд 24, 25 дугаар гудамжны 25 өрх буюу 100-гаад иргэний асуудлыг
шийдэж 4 дүгээр хорооны Их аманд 2 гудамж гарган эдгээр айлуудыг шинэ
газарт очиж буух, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, газрын
асуудлыг шийдвэрлэсэн. Мөн тог, гэрэл цахилгаан залгах ажлыг дүүргийнхээ
эрчим хүчний байгууллагатай хамтран шийдвэрлээд явж байна.
-Дүүргийн гол замуудыг шинэчиллээ. Мэдээж зам дагаж хөгжил гэдэг. Дагаад
ногоон байгууламж бусад асуудал шийдэгдэж байна. Энэ жилийн хувьд
ногоон хөгжлийн асуудалд ямар зорилт, бодлого гаргаж ажиллав?
-Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчныг бүрдүүлэх
зорилгоор дүүрэгтээ "Эко Налайх” хөтөлбөрийг нийслэл болон Засгийн
газрын ногоон хөгжлийг дэмжих бодлоготой уялдуулан боловсруулж ИТХ-аар
батлуулсан. 4 жил хэрэгжих уг хөтөлбөрийн эхний 2 жилд иргэд,
байгууллагын ажилтнуудыг сургаж бэлтгэх, сурталчилгааны ажлууд,
дараагийн 2 жилд хэрэгжилтийг хангуулах ажил хийгдэнэ. Урьд өмнө нь
гаргаж байгаагүй санхүүжилтийг энэ жилийн ОНХС-аас ногоон байгууламжинд
тусгасан. Энэ жил дүүргийнхээ ОНХС-ийн хөрөнгийн 80 хувийг ногоон
байгууламжинд зарцуулахаар тавьсан. Үүний үр дүнд шинэ авто замын дагуу
ногоон байгууламж хийх, шилмүүст мод тарьж ургуулах хүрээнд 3 тендер
зарлагдаж мод бут нийлүүлэх ажил хийгдсэн. Одоо намрын бүх нийтийн мод
тарих өдрөөр мод бут таригдана. Цэцэрлэгжүүлэлтийн албанаас цэцэг,
зүлгээ тарихдаа аль болох шинэ шийдлээр хийхийг зорьж байгааг иргэд харж
байгаа байх. Ногоон байгууламжийн хэмжээ жил бүр нэмэгдэж, 2020 он
гэхэд дүүрэг маань ногоон хот болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ
зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээж иргэдийн оролцоо маш чухал. Айл өрх бүр
хашаандаа мод тарих, ногоон байгууламжаа хайрлан хамгаалах нь иргэдийн
оролцооны нэг хэлбэр юм.
-Монгол ногоо төсөл хэр амжилттай хэрэгжиж байна?
-2016 оноос эхэлж ШХА-ийн санхүүжилтээр Монгол ногоо төсөл хэрэгжсэн.
Манай дүүргийн 7 дугаар хороо жишиг гудамж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж
байгаа. Энэ жил Монгол ногоо төслийн "Шинэ өглөө-Монгол ногоо” цэгийг
байгуулахаар төслийн газраас шийдвэрлэсэн. 10 сарын 01 гэхэд үйл
ажиллагаа нь эхэлнэ. Нийтдээ 4 гудамжны 100 гаруй айл өрх хашаандаа
эрүүл, шинэ ногоо тарьж ургуулан хүнсэндээ хэрэглэж байна. Энэ төсөл
хөтөлбөр хэрэгжсэнээр 100-гаад айлын өрхийн орлого нэмэгдэх, ажлын
байраар хангагдах зэрэг боломж бүрдэж байгаа юм.
-Энэ өдрүүдэд малчдын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Дүүргээс тавьсан зорилт бол бүх салбарт дэвшил гаргах юм. Сүүлийн
жилүүдэд хийгдээгүй, орхигдоод байсан малчдын уулзалт зөвлөгөөнийг
сэргээн хийж байна. 7 хорооны малчдын төлөөллийг оролцуулан уулзалт
зөвлөгөөнөөр Засгийн газраас малчид руу чиглэсэн ямар бодлого, төсөл
хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөх, мөн малчидтай
холбогдолтой нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, халамжийн
үйлчилгээ зэрэг шаардлагатай мэдээллүүдийг өгөх, туршлага солилцох өргөн
дэлгэр уулзалт болж байна. Зөвлөгөөнд оролцож байгаа төлөөлөгчиддөө
амжилт хүсье.
Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө уриалгыг
хэрэгжүүлэн, дүүрэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэн бүрийн идэвх
зүтгэл, оролцоо, санал санаачилга нэн чухал гэдгийг дахин онцлон хэлье.
Ярилцсан: Г.Одонтуяа
2017.09.26