http://www.ugluu.mn/255323.html
– Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын онцлогийн талаар яриагаа эхлэх үү?
– Сайн, сайн байна уу, сайхан өвөлжиж байна. Өнгөрсөн намар болсон дүүргийн ИТХТ-ийг сонгох сонгуулиар Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчөөс МАН 21 суудлыг авсан. Дүүргийн иргэд МАН-д итгэл хүлээлгэн биднийг сонгосон. ИТХ-ын 21 төлөөлөгчид маань эмч, эдийн засагч, эрх зүйч, инженер, багш, улс төр судлаач гэх зэрэг олон төрлийн мэргэжилтэй бөгөөд тэднээс хамгийн залуу нь 28 настай, мөн нийт төлөөлөгчдийн 40 гаруй хувь нь 28-35 насны залуучууд байгаа нь бидний онцлог. ИТХ нь 7 тэргүүлэгчтэй, тэргүүлэгчдийн үйл ажиллагаа тогтмолжин өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 6 удаа хуралдаж, хийж гүйцэтгэсэн ажлаа хурлын цахим хуудас болон дүүргийн ИТХ-ын албан ёсны сайт, орон нутгийн телевиз, төвийн сайтуудаар мэдээллэж ажиллаж байна. Энэ нь иргэд олон нийтэд ИТХ-ын хуралдаан болон цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай, ил тод нээлттэй авах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Манай дүүргийн ИТХ нь дэргэдээ 6 ажлын хороотой, ажлын алба нь 13 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй, хороод тус бүр нь өөрсдийн гэсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна. Харин хурлын ажлын алба 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Иргэний оролцооны хэлтэс, Зохион байгуулалтын хэлтэс гэсэн хоёр хэлтэстэйгээр чиг үүргээ хэрэгжүүлж байна.
Миний бие дүүргийн ИТХ-ын даргын үүрэгт ажлыг аваад 100 хонож байна. Бид энэ хугацаанд хийсэн ИТХ-ын ажлын албаны ажлын тайлангаа дүүргийнхээ иргэдэд тайлагнаж, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх зорилгоор “ИТХ-ын 100 хоног” тайлант өдөрлөгийг зохион байгуулж байна.
– Сонгуулиар олонх болж, Налайх дүүргийг удирдах мандат авсан удирдлагууд ажилдаа ороод 100 хоножээ. Энэ хугацаанд хийсэн ажлаа та хэрхэн дүгнэж байна вэ?
– 100 хоног гэдэг календарын хугацаанд цөөн хоног мэт боловч ажил санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бидний хувьд бол бага хугацаа биш. Энэ хугацаанд Дүүргийн ИТХ 4 удаа хуралдаж 16 асуудал хэлэлцэж, 18 тогтоол гаргалаа. ИТХ-ын тэргүүлэгчид 6 удаа хуралдаж дүүргийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрхэ хэмжээнийхээ хүрээнд 20 тогтоол баталж, Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч Налайх, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт нийт 182 зорилттой Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Мөн орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад дунд болон урт хугацааны бодлого зорилттой уялдуулан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлаад байна. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилийн хугацаанд Налайх дүүрэг ямар бодлого зорилт чиглэлтэй хөгжих вэ гэдэгээ бид тодорхойллоо. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарсан санал санаачлага, эдийн засгийн тооцоо судалгаанд тулгуурлан, хэрэгжих боломжтой ажлуудаа дүүргийг хөгжүүлэх бодлогодоо тусгалаа. Аливаа ажил төсөв хөрөнгөнөөс ихээхэн хамааралтай байдаг. Өмнө нь боломжтой төсөв хөрөнгөнөөс ахадсан олон ажлуудыг дүүрэг хөгжүүлэх хөтөлбөртөө тусгачихаад дараа нь тэрнийгээ хийж хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг байсан явдал цөөнгүй гардаг байсан бол энэ удаад ийм алдаанаас бид холдож чадсан, хэрэгжих бүрэн боломжтой, төсөв хөрөнгөдөө багтах хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг дүүргийн хөгжлийн бодлогодоо багтаасан.
-Налайх дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа өмнө нь нээлтэй, ид тод биш байсан, ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг иргэдийн сонорт хүргэлгүйгээр ИТХ шийдвэрлэдэг байсан гэж иргэд ярих юм билээ
-Төрийн ажлыг хуулийн хүрээнд, хариуцлагатай хийх нь бидний үүрэг. 2012-2016 онд Налайх дүүрэгт АН олонхи болсон ИТХ ажиллаж байсан. Энэ хугацаанд төсвийн хөрөнгө мөнгөнд хайнга хандсан, үр дүн муутай зарцуулсан тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өнгөрснөө үгүйсгэж биш, ирээдүйгээ гэрэлтэй харж ажиллах ёстой гэж би боддог. Тиймдээ ч бидний хувьд дүүргийн хэмжээний бүхий л мэдээллийг ил тод нээлттэй явуулж, дүүргийн хэмжээнд шийдвэрлэх томоохон асуудалд иргэдийнхээ санаа оноог тусган ажиллахыг эрмэлзэж байна.
–Налайх дүүргийн хувьд төвөөс алслагдсан дүүрүүдийн нэг. Энэ утгаараа дэд бүтэц муутай, хөгжлөөс харьцангуй хоцрогдсон дүүрэг гэж ойлгодог.
– Бидний өнөөдрийн байгаа нөхцөл хүмүүст ийм сэтгэгдлийг төрүүлдэг байж болох юм. Гэхдээ Улаанбаатар хотоос 30 гаруйхан кмт оршдог, зүүн болон өмнөд бүсийн авто замын сүлжээ дайран өнгөрдөг, Тэрэлж, Горхи зэрэг аялал жуулчлалын гол бүсийг газар нутгийн хувьд хамардаг манай дүүргийн хувьд хөгжин цэцэглэх олон боломж бий. Таны ярьж байгаа төвөөс алслагдсан гэх байдал харин ч бидний нэг давуу тал болох боломжтой. Улаанбаатар хотын хүн амын нягтаршилыг Налайх дүүрэгт шилжүүлэх, нийслэл хотыг сууршлийг зүүн тийш өргөтгөх, авто болон төмөр замын сүлжээг ажиглан Олон улсын ачаа тээврийн сүлжээг Налайх дүүрэгт байгуулах, барилгын материалын болон бусад худалдааны төв буюу Аж үйлдвэрийн парк барьж ашиглалтанд оруулах зэрэг хөгжлийн олон боломжууд бидэнд бий. Ингэснээр юуны өмнө Налайх дүүргийн иргэд маань ажил орлоготой болж, Налайх дүүрэг хөгжлийн шинэ хот болж, түгжрэл, стресээс зугатах нийслэлийн иргэд Налайх дүүрэгт суурьшин амьдрахыг хүсдэг цаг удахгүй ирнэ гэж боддог.
– Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Улс, Нийслэлийн төсвөөр дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?
– Дүүргийн 2017 оны ОНХСХ-ийг иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнтэй цогц ажилд зарцуулахыг байна. Юуны өмнө бид Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэн барих, Налайх дүүрэг дотор 27 км зам засварлахаар төлөвлөж, дэд бүтцээ дагаад ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг цогцоор нь шийдэхээр төсвөө баталсан. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол тухайн орон нутагт, Иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлаар дамжуулан иргэдээс гаргасан санал санаачлагатай холбоотой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг онцлогтой төсөв юм. Үүнийг дүүргийн ИТХ өөрт оногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд ОНХСХ-ийг дэвшүүлсэн зорилго зорилтынхоо хүрээнд тодорхой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зарчмын тохиролцоонд хүрсэн. Энэ жил уг сангийн хөрөнгөөр дүүргийн ногоон байгууламж, дэд бүтцийн чиглэлд түлхүү зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн дээр нь Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүрэгт 2017 онд зам барилгын ажлын зураг төсөв хийж, Баянзүрх Налайх дүүргийн авто замыг шинэчлэн өргөтгөх, дүүргийн төвийн замыг засаж сайжруулах, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж барих зэрэг олон ажлуудыг энэ онд багтааж хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөв хөрөнгийг Налайх дүүрэгт татах, хувиарлуулах, НИТХ-ын хурлаар батлуулахад НИТХ-д манай дүүргээс төлөөлөгчөөр сонгогдсон С.Амарсайхан ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байна. Хэдийгээр улс орны Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч төрөлх дүүрэгтээ чамгүй хэмжээний төсөв хөрөнгө хуваарилуулж, НИТХ-д Налайх дүүргийн иргэдийн хүчтэй дуу хоолой болж ажиллаж байгаад нь НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд талархал илэрхийлье. С.Амарсайхан төлөөлөгч маань Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 3 тэрбум төгрөгийн авто замын өргөтгөлийн ажил, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто замын зураг, төслийн ажил, 50 ортой хүүхдийн эмнэлэг барих, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэгдсэн системд оруулах, хороо бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийслэлийн хэмжээнд байгаа 3000 гаруй орон сууцанд байрны дулаалга хийх, дүүрэгт 1 цэцэрлэг нэмж барих, ажилгүйдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих зорилгоор барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны төв байгуулах гэх мэт олон ажлуудыг хийх санаачлан хэрэгжүүлж, эдгээр ажилтай холбоотой төсөв хөрөнгийг Нийслэлийн төсвөөс орон нутагт хувиарлулж чадлаа.
– ИТХ ямар зарчим чиглэлийг барьж ажиллаж байна вэ, Таны хувьд аль чиглэл рүү илүү анхаарал хандуулбал Налайх дүүргийн хөгжилд түлхэц болно гэж боддог вэ?
– ИТХ иргэдийн санал бодолд түшиглэж бодлогын баримт бичиг гаргадаг. Гаргасан шийдвэр нь нээлттэй байх ёстой нөгөө талаас хурлын ажлын алба өөрөө хүчирхэг аппарат байх ёстой. Бид иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах зарчимыг үндсэн чиглэлээ болгодог. Тиймээс иргэдийнхээ дуу хоолойг сонсох үүднээс Иргэний оролцооны хэлтсийг шинээр байгуулсан. Налайх дүүрэг ил уурхай ихтэй, үйлдвэр явуулахад тохиромжтой хөгжих бүрэн боломжтой дүүрэг гэдгийг дээр дурьдсан. Харин одоо Налайх дүүргийн иргэдтэйгээ хамтран та бид дүүргийнхээ хөгжлийн төлөө гэсэн нэг итгэл үнэмшилтэйгээр сэтгэл зүрх гарган ажиллах хэрэгтэй байгаа юм. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах чиглэлд бид иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор тодорхой журам гарган ажиллаж эхлэсэн. Мөн эрүүл аюулгүй, хотод амьдрах боломж бүрдүүлэх зорилгоор нийтээрээ дагаж мөрдөх баримт бичиг дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
– Мэдээж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бодлогын чанартай баримт бичгүүдийг нийтээр хэлэлцүүлж боловсруулан батлах явдал байдаг. Дүүргийн ИТХ-аас ямар ямар бодлого, журам батлагдав?
– Иргэн төвтэй төрийг бий болгох нь ардчилалын үндсэн зарчим. Үүнийг бид дүүрэгт хэрэгжүүлэхдээ иргэдийнхээ дуу хоолойг төрийн байгууллага сонсдог, ажилдаа туусгадаг байх нь чухал. Бид дүүргийнхээ 7 хороонд “Хөгжлийн зөвлөл” байгууллаа, мөн хороо тус бүрд ахмадын зөвлөл, сурагчдын зөвлөл, залуучуудын зөвлөл байгуулж журмыг баталсан. “Хоггүй Налайх” аяныг санаачлан дунд сургуулиуд, албан байгууллагуудаар сурталчилж ажиллаж байна. Бидний гаргасан эдгээр бодлого шийдвэр иргэдийн сэтгэлд нийцэж үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
– Сонгосон ИТХ-ын төлөөлөгчөө нэг ч удаа хараагүй, нэрийг нь санадаггүй, танидаггүй иргэдийн дунд байдаг
– Хурлын төлөөлөгчдийг сонгоод мартдаг цаг байсан. Энэ хоёр талтай. Нэг талаас ИТХ цөөн удаа хуралдахад тухайн төлөөлөгч хуралдаа суусан төдийгөөр үүрэг нь хязгаарлагддаг, нөгөө талаас төлөөлөгчид өөрсдөө идэвх санаачлага багатай ажилладагтай холбон ойлгож болно. Ийм төлөөлөгчид гэнэтхэн л сонгууль болохоор иргэддээ “хайр зарлан” гарч ирээд бусад үед алга болдог байсан биз. Бид ийм буруу жишгийг өөрчлөхийг зорьж байна. Хороодоос сонгогдсон төлөөлөгчид маань хорооныхоо “Хөгжлийн зөвлөл”-тэй уулзаж, иргэдтэйгээ санал бодлоо солилцож үүднээс улиралд нэг удаа иргэдтэйгээ уулзах уулзалтын хуваарьтай боллоо. Нөгөө талаас иргэдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан гаргасан саналуудыг эрэмбэлж тухайн хороон дээр цаашид хийгдэх болон хийсэн ажлуудыг тайлагнадаг байхаар төлөвлөж, орон нутгийн телевиз, FM радиогоор 7 хоногт нэг удаа “Төлөөлөгчийн цаг” шууд нэвтрүүлэгтэй болж, тус цагаар төлөөлөгчид маань ээлжлэн оролцож, иргэдийн асуусан асуултанд шууд хариулдаг болсон. Мөн ИТХ-ын ажлын албан дээр тухайн хороотой холбоотой чухал асуудал гарвал түргэн шуурхай хуралдан асуудлыг шийдэн ажиллаж байна.
Түүнчлэн ИТХ-ын тэргүүлэгчдээ чадавхжуулах зорилгоор саяхан ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг чадавхжуулах сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 06 өдөр зохион байгуулсан. Сургалтаар хууль эрх зүй, харилцааны ур чадвар зэрэг олон талт мэдлэгийг олгосон.
– Хороодод хөгжлийн зөвлөл байгуулсан гэсэн. Та хөгжлийн зөвлөлийн зорилго, үйл ажиллагааг товч танилцуулвал
– Дүүргийн ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, иргэдийн оролцоот, эрх зүйн шинэтгэлийн жилийн хүрээнд Иргэний оролцооны хэлтсийг шинээр байгуулж, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэн баталж, хороо бүрт 11-15 хүний бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн зөвлөл”-өө байгуулсан. Хөгжлийн зөвлөлийн гол зорилго нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, иргэд өөрсдөө хяналтын тогтолцоог бий болгож, дүүрэг, хороодод хэрэгжиж буй аливаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэгжилтийн ажилд иргэн бүр оролцох боломжийг бүрдүүлж, иргэдээ сонсдог, иргэн төвтэй төрийг бий болгоход орших юм. Түүнчлэн дүүргийн ИТХ, хороодын ИНХ, иргэдээс гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг НҮБ, “Гүүднэйборс Монгол” олон улсын ТББ, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” сэдвээр хороодын хөгжлийн зөвлөлийн гишүүдэд сургалт явуулахаар төлөвлөөд байна.
– Дөрвөн жилийн дараах Налайх дүүргийн хөгжил ямар байх бол, таны төсөөлөл…
– Аливаа асуудалд иргэдээ сонсдог, иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж, бодлогоо тодорхойлдог төрийг бий болгож чадвал хөгжлийн бусад асуудал нь аяндаа түүнийг дагалдан бий болно гэж боддог. Улс орон эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Налайхчууд бид дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэхиййн төлөө хамтдаа зүтгэх, хөдөлмөрлөх болно. Налайхчуудаа аз жаргалтай, ажил төрөлтэй, эрүүл орчинтэй, амар тайван амьдруулахын төлөө бид зүтгэнэ. Зүтгэлийг амжилт дагадаг гэдэг. Зөв зүйтэй зүйлийн төлөө, хөгжлийн төлөөх зүтгэл 4 жилийн дараа мэдэгдэхүйц амжилд дагуулна гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь төрийн байгууллага хүнд сурталгүй, бодлого үйл ажиллагаа ил тод, иргэдэд нээлттэй, ёс зүйтэй ажиллах зарчимыг бүрдүүлж байж бид хамтдаа хүссэн үр дүндээ хүрнэ гэж ойлгон дүүргийн ИТХ-ын даргын хувьд энэ чиглэлд анхааран ажиллаж байна.
– Ярилцлага өгсөн танд баярлалаа, таны ажилд амжилт хүсье
– Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
Ярилцлага хийсэн Г.Бадам
2017.02.02